БРЭНД

Төв Азийн цээжинд орших Монгол Улс нь олон зууны тэртээгээс нүүдлийн ёс заншил, мал аж ахуйгаа эрхлэн аж төрж ирсэн нь байгаль дэлхийгээ онгон төрхөөр нь хадгалахад нөлөөлжээ. Монголын өвөл маш хүйтэн – 45 C  хэм, зундаа +40 С хэмд  хүрдэг.  Энэхүү эрс тэс уур амьсгал, хүйтэн цаг агаарт гайхалтай дасан зохицсон Монгол ямаанаас  ховор,бөгөөд хамгийн дээд зэргийн чанартай ноолуурыг самнан авдаг. Ямааны үсэн бүрхүүлд урт ширүүн хялгасаар хамгаалагдсан ноолуурын нарийн ширхэг нь хүйтэн агаарыг барьж, дулааныг бүрэн хадгалдаг  ажээ. Дэлхийн  зах зээлд өрсөлдөх чадвартай цөөн тооны малын гаралтай  түүхий эдийн нэг нь Монгол ямааны ноолуур юм. Монгол ямааны ноолуурын гарц дунджаар 280-350 гр, 3,8-4,5см урттай, 13-16,5 мкм голчтой ба 1 грамм самнасан ноолуураар дунджаар 9-10 метр утас ээрдэг. Монгол ямааны ноолуур нь атриа ихтэй нарийн, ширхэгтийн урт нь Хятадын ямааны ноолуурын уртаас 0,5-1,0 см -р урт байдгаараа онцлог бөгөөд чанартай утас болон ээрэгдэх чадвар өндөртэй байдаг. Дэлхийн хэмжээгээр жилдээ нийт 15 орчим мянган тонн ноолуур бэлтгэж байгаагийн  дунджаар 9500 тн буюу 40 гаруй хувийг манай улс дангаараа бэлтгэж байна.

Манай орны өргөн уудам говь, хангай, хээр тал хосолсон нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан Монгол эрдэмтдийн олон жилийн судалгаа, шинжилгээ уйгайгүй хөдөлмөрийн үр дүнд  бий болгосон сайн чанарын ноолууртай олон үүлдэр, омгийн ямаан сүрэг байдаг. Үүнд:

  1. Галшарын улаан / Хэнтий аймаг улаан ямаа/
  2. Баяндэлгэрийн улаан / Сүхбаатар аймаг улаан ямаа/
  3. Эрчмийн хар / Хөвсгөл аймаг хар ямаа/
  4. Залаа жинстийн цагаан / Баянхонгор аймаг цагаан ямаа/
  5. Өлгийн улаан / Увс аймаг улаан ямаа/
  6. Говь гурван сайхан / төв, баруун болон говийн зарим аймгуудад бага хэмжээгээр/
  7. Алтайн улаан / Ховд аймаг улаан ямаа/
  8. Дэлгэрэхийн улаан / Дорноговь аймаг улаан ямаа/  гэх мэт нийт 27,3 сая толгой  ямааг үржүүлж байна.

Ноолуур нь маш нарийн нано бүтэцтэй өөр юугаар ч орлуулашгүй тансаг бүтээгдэхүүнд тооцогддог. Өнөөдөр дэлхийд үйлдвэрлэгдэн, борлуулагдаж буй ноолууран бүтээгдэхүүнүүд загварын өнгөний чиг хандлагыг даган олон төрлийн өнгө будагтай хийгддэг ч хүн төрөлхтөн сүүлийн жилүүдэд ямар нэгэн химийн бодис хэрэглээгүй,,цайруулаагүй, будаагүй байгалийн гаралтай түүхий эдийг илүүд үзэж байна.

Монгол ямааны зүс нь байгалиасаа заягдсан үндсэн  4 өнгөтэй.  Цагаан / зөвхөн цагаан зүсмийн ямаанаас/ нийт ноолуурын 10-15%,  цайвар шаргал  /улаан, шаргал зүсмийн ямаанаас/ 40-45%, хөх саарал /хөх, цэнхэр зүсмийн ямаанаас/ 2-2,5%, бараан буюу бор / хар зүсмийн ямаанаас/ 35-40% тус тус эзэлдэг. Цагаан цайвар өнгийн ноолуур нь төрөл бүрийн будаг авахдаа илүү сайн байдаг ч зөвхөн манай оронд л байдаг улаан, хөх, бараан зүсмийн ямааны ноолуурын байгалийн өнгөөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлэх нь бидний давуу тал болдог. Дэлхийн нийт ноолуурын 50 гаруй хувийг дангаараа нийлүүлдэг Хятад улсын ноолуурын 98% дан цагаан өнгөтэй байдаг.

page-6267